Wednesday, September 18, 2013

Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдвал бид голио шиг азаа үзэх гэж хэвтэхээ болино

www.zaluu.com
 Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдвал бид голио шиг азаа үзэх гэж хэвтэхээ болино
 Буун дуутай хамт шахуу эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган халуухан өрнөж байна. Парламентад олонх суудалтай АН-ынхан өчигдөр мэдээлэл хийхдээ “Талцаж бие бие рүүгээ элдэв хараалын үгээр дайрахгүйгээр хамтарч асуудлаа шийдэх хэрэгтэй” гэж бусад намууддаа уриаллаа. Тийм л дээ. Алийн болгон хоосон цэцэрхэж, ганцаарчилсан “тоглолт”-оор олон нийтэд таалагдах гэж зарим нь галзуу солиотой нь үл мэдэгдэм аашлах билээ. Гэвч АН-ын энэ уриалгыг ажил хэрэг болгох улс төрчид хэд байгаа бол. Сөрөг хүчин гээд байгаа Ардын намын “байлдагч” Ж.Энхбаяр л гэхэд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг удахгүй улам хүндэрч, 2008-2009 оны үеийнх нь шиг, бүр цаашлаад картын бараанд дугаарлан зогсож асан 1990-ээд оны эхэн үетэй адил болно гэх ухааны юм яриад сууж байна. Муу ёрын юм гэж энийг л хэлэх болов уу. Арай үгүй байлгүй дээ.   Дэлхийн улс бүрт тохиодог, тохиолдож ч байгаа эдийн засгийн савалгаа нүүрлэж буй нь үнэн. 2008 оны намар дэлхий бараг тэр аяараа хямарч эхлэхэд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр “Америк, Европын хямрал Монголыг дайрч өнгөрөхгүй, санаа зоволтгүй” гэж байлаа. Гэсэн ч түүний хашгирсан шүлс хатаж амжаагүй байтал манайх дэлхийн эдийн засгийн хямралын давалгаанд өөрийн эрхгүй цохиулсан юм. Харин тэр үеийг бодвол өнөөдөр арай өөр дүр зураг харагдаж байна. Эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд нь харьцангуй тогтворжоод байгаа ажээ.   Хямрал бүхэн араасаа элдэв хар сүүдэр дагуулдаг нь хүний нийгмийн төрөлх араншинтай  салшгүй холбоотой болов уу. 2008 оны хямралд Монголчууд давчдаж байх хооронд Канадын “Айвенхоу майнз” зэрэг улс гүрэн дамнасан корпорациуд манай уул уурхайн томоохон ордуудыг онилж, улс төрчдийг бугуйлдан, өөрсдөдөө илүү ашигтай хууль, гэрээ хэлэлцээрийн төсөлд урьсан нь алдаа онооны дэнсийг улам чангалж, одоо бид Рио Тинтогийн өлмий дор бөхөлзөхөд хүрээд байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний загвар бол үндсэндээ Монголын эрх ашгийг хөсөр хаясан луйврын схем байлаа. Бүтээгдэхүүнээ гадаадын аль ч улсад нийлсэн ашиг нь ил биш, Монголын хөрөнгийн бирж, банкуудаас хол, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл бүрхэг гэх мэт маш олон асуудал үүсгэсэн гэрээ болсон байв. УИХ-аас  Монголчууддаа дор хаяж 50 хүртэл хувийг эзэмшүүлэх гэрээний нөхцлийг тусгасан 57 дугаар тогтоолоо гаргасан ч Засгийн газар  үүнийг хэрэгжүүлэх алхам хийгээгүй нь одоо гай болж байна. Аргаа барахдаа өдгөө Уул уурхайн яамнаас Оюу толгойн Монголын эзэмшлийн 34 хувь дээр тэрхүү 50 хувиар тооцоход үлдэж буй 17 хувийг олж авахын тулд Эрдэнэт үйлдвэрийнхээ хувийг нэмж, төрийн мэдлийн бие даасан компани байгуулж ашиглах санал гаргав. Үүнийг нь Рио Тинто хэрхэн хүлээн авахыг бүү мэд. Юутай ч Рио Тинто далд уурхайн хөрөнгө оруулалтаа зогсоочихлоо.  Энэ нь үнэндээ яс тооцоод үзвэл угаасаа бүтэхгүй санаархал ч байсан байж болох юм. Яагаад гэвэл, далд уурхай ажиллуулах хэмжээний усан хангамж Оюу толгойд алга байна. “Орхон-Говь” төслөөр тийш нь хоолой татаж усаа нэмэгдүүлэн ашиглах байсан боловч түүнийг нь манай “эх оронч” хөдөлгөөнчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нартай нийлж байгаад нам унагаж орхисон юм. Уг нь энэ төслийг Турк улсаас санхүүжүүлэх гэж байсан  гэдэг. Энэ мэт технологийн олон шийдлүүд нь бүтэлгүйтээд ирэхээр Рио Тинтод хөрөнгө нийлүүлэх дэлхийн томоохон банкууд эргэлзэж эхэлсэн биз. Үүн дээр нь Рио Тинтогийн харилцдаг оффшор бүсүүд дэх хэлхээ холбоос илэрч бүр ч эвгүй байдалд оруулав бололтой. Энэ тухай Сэдваанчиг захидалдаа бичсэн нь харин манайхны “дуулиан”-д дуртай жиргээчдийн амны зугаа болж байна.  Ээлжит бус чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр хэлэлцээд, УИХ-аар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Манай улсаас хөрөнгө оруулагчид  нүүрээ буруулах болсон нь өмнөх Засгийн газрын үед УИХ-аар батлуулсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хязгаарлалт гай болсон гэж олон хүн харамсаж байгаа. Оны эхний хагаст Монгол Улсад 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад 43 хувиар буурчээ. Иймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулах арга замаа тодорхойлж  байгаа юм. Юуны өмнө гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулахад гол нөлөө үзүүлж буй хуулиа өөрчлөхөөс өөр замгүй болоод байна. Энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдвал хямралт байдлаас гарах бидний гарц нээгдэх ажээ. Уг төсөлд:      Хөрөнгө оруулагчийг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгааг бий болгох.     Одоогийн эрх зүйн зохицуулалтад стратегийн ач холбогдол бүхий салбарт эрдэс баялаг, банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбаруудыг хамааруулж байсныг өөрчилж, стратегийн салбар гэж тусад нь ялгахгүй байх.     Гадаадын хөрөнгө оруулагчийг ерөнхийд нь хувийн болон төрийн хэмээн ангилж, хувийн хөрөнгө оруулалтыг бүртгэлийн журмаар зохицуулах, харин төрийн өмчит гадаадын хөрөнгө оруулалтын хөрөнгийн хэмжээ тухайн аж ахуйн нэгжид 25 хувиас дээш гарсан  тохиолдолд эрхэлсэн яамнаас зөвшөөрөл өгч байх.     Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд төслийн үр ашиг дээр нь тулгуурлан тодорхой хугацаанд татварыг нь тогтворжуулах тогтолцоог тусгав. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь 15 тэрбум төгрөгөөс давсан, эдийн засгийн хөгжилд нийцтэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн төслүүдэд 5-10 жилийн хугацаанд зарим татварын хувь хэмжээг тогтвортой байлгах.     Түүнчлэн, олон улсын туршлагын дагуу гадаадын хөрөнгө оруулалтыг татах, өөрийн улсын хөрөнгө оруулалтын орчны талаар бүх талын мэдээлэл, сурталчилгааг явуулах агентлагийг байгуулахаар тусгасан байна.   Эдгээрээс гадна уг хуулийн төсөлд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд УИХ-ын гишүүдийн 3/2-оос дээш хувийн дэмжлэг авсан байх ёстой гэсэн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлсэн байна. Цаашдаа хөрөнгө оруулалтын бүх асуудлыг энэ хуулийн хүрээнд шийдвэрлэх юм байна. Ингэж бид голио шиг азаа үзэх гэж хэвтдэг арчаагүй байдлаасаа гарч болох ажээ.  Б.Отгонбаяр
Add caption

Free Weather Forecast Widget / Gadget

Powered by Blogger.